БАТГАТАЙ НҮҮРТЭЙ БАРЗАЙГААД Л БАЙНА УУ?

2012-07-31 09:12


Батга ихэвчлэн залуу хүмүүст тосны булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар үүсдэг өвчин боловч нас харгалзахгүй гардаг. Батгыг насны онцлог, энгэсэг гээд арчилчихдаг юм гэж эмчлүүлэхгүй явсаар хүндрүүлээд эмчлэгдэх аргагүй болдогчихоод эмчид ханддаг нь маш буруу.

Батагших маш олон шалтгаантай ч чухам юунаас болоод батагшаад байна вэ? гэдгээ мэргэжлийн эмчид үзүүлсэний дараа яаж эмчлүүлэхээ шийдэх нь дээр. Жирэмснээс сэргийлэх болон харшлын эсрэг эм, иодын бэлдмэлийг удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэснээс буюу мэргэжлээс (жолооч, химийн бодистой харьцдаг хүмүүс) шалтгаалж батгаших явдал бий. Орой үдэш дэмий сэлгүүцэж архи, тамхи хэрэглэх, мөн хоносон хоол, лаазалсан, хагас боловсруулсан болон хугацаа нь дөхсөн эсвэл дууссан хүнсний муудсан бүтээгдэхүүүн хэрэглэх нь элэг, ходоодыг муутгаж улмаар батгаших шалтгаан болдог.

Хожим харамсахгүйн тулд эрт эмчлүүл

Барзайсан нүүртэй болчихвол яана. Дахин хуучин хэвэндээ орох болов уу гэж санаа зовдог хүн олон. Ер нь нэлээд барзайж нүхжээд апельсины хальс шиг арзайсан нүүртэй болчихсон бол хэд хоногийн дараа ч юм уу хэдхэн сарын дараа толигор нүүртэй болчихно гэж мөрөөдөх аргагүй. Гэсэн хэдий ч дараагийн нэг өдөр эртхэн шиг эмчлүүлж байхгүй яав даа гэж халаглахгүйн тулд оройтоогүй дээр эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Таны нүүр одоо гайгүй байлаа ч сүүлдээ авах юмгүй аймшигтай болохоос сэргийлээрэй. Хүний арьс үргэлж гуужиж, өөрөө өөрийгөө сэргээх чадвартай байдаг учраас эмчилгээгээ сайн хийлгээд батгаа эдгээчихвэл нүүр чинь жилээс жилд толийж гоё болно.

Хамгийн гол нь мэргэжлийн эмчээр эмчлүүлэх хэрэгтэй

Зөвхөн батга ч биш ер нь арьсан дээр гарсан эмгэг өөрчлөлтийг оношлуулаагүй байж хаа хамаагүй газарт мэрэгжлийн бус хүмүүсээр үйлчилгээ хийлгэж хэзээ ч болохгүй. Хүмүүс батгыг гоо сайханд эмчлүүлнэ гэж мэддэг боловч их эмчтэй гоо сайхнаар халдваргүй нөхцөлд хавсарсан эмчилгээ хийлгэж эмчлүүлэх ёстой гэдгийг тэр бүр сайн мэддэггүй. Батгатай хүмүүс үсчин, саун, дэлгүүрт ариун цэврийн шаардлага хангаагүй газар байрласан гоёлын гоо сайхнаар үйлчлүүлж будилах явдал бий. Тэнд их эмч ажилдаггүй. Тиймээс буруу эмчилгээ хийж хэзээ ч арилхаагүй сорви үлдээх нь бий.

Нүүрээ савантай усаар угаах хэрэгтэй

Батгатай хүн арьсаа цэвэр байлгах талаар байнга анхаарч өдөр бүр халуун усанд орж, хувийн ариун цэврийг дээд зэргээр сахивал зохистой. Нүүрээ өдөрт 2-3 удаа сайтар савандаж угаана. Нүүрэнд шингэн саван хэрэглэх нь дээр гэж зөвлөдөг боловч манай нөхцөлд тэр бүр тэгэж тансаглах аргагүй. Арьсныхаа тослогын их багад нь тохируулан ямар ч савангаар угааж болно. Хүмүүс заавал бактерийн эсрэг саван хэрэглэх ёстой юу гэж асуудаг. Ийм саван дандаа хэрэглэж болохгүй. Хүний биед зохих хэмжээний нян байх ёстой байтал түүнийг оргүй устгаад байвал өөр өвчний нян арьсан дээр үржих боломжтой болчихдог муу талтай. Нүүрээ угаахдаа халуун биш хүйтэн усаар угааж байвал дээр. Бүлээн усаар долоо хоногт 2-оос илүүгүй угаа. Хэрвээ халуун усаар угаасан бол дараа нь заавал хүйтэн усаар булхана. Бас мөсөөр арчвал батганы нүхийг агшаах сайн талтай. Батгаа эмчлүүлээгүй байж буодыг дуурайж өөртөө таарахгүй тос, цэвэрлэгч худалдан авч шатах хэрэггүй. Хэрвээ та өөрөө батгаа цэвэрлэх бол өмнө нь 10-15 минут утна. Дараа нь заавал нүх агшааж цэвэрлэх уусмалаар арчаад маск тавина. Гэвч арчлаад тус болохгүй батгашаад байдаг шүү дээ. Ингэхээр л батагшуулаад байгаа учраа олж эмчилгээ хийлгэх ёстой байгаа биз.

Батгатай хүмүүс юу хориглох вэ?

1.Нүүрээ байнга халуун усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсны нүх ихсэж барзайх шалтгаан болдог. 2.Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэж, тэжээлийн тос түрхэж, крем тавьж болохгүй.
З.Мэдээжийн хэрэг өөх тос, давс ихтэй халуун ногоотой хоол хэрэглэх хэрэггүй.
4.Архи, тамхи хэрэглэж, бэлгийн харьцааны дэг журамгүй амьдрал нь батгыг эдгээхгүй байх том шалтгаан болдог.
5.Кофе болон хэт сэргээх бэлдмэл чихэр ихтэй, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх сайн биш.
6.Баталгаагүй гоо сайханы бараанаас батгаа сэдрээдэг тал бий. Иймээс урьд хэрэглэж байгаагүй шинэ тос, пудр хэрэглэж байх явцдаа арьсныхаа өөрчлөлтийг ажиглаж сурах хэрэгтэй.
7.Агааржилтгүй халуун нөхцөл батгыг ихэсгэнэ. Иймд ажлын өрөө тасалгааныхаа салхивчийг 2-3 цаг тутамд онгойлгож цэвэр агаар оруулаарай.
8.Арьсан дээр ямар нэг юм гардаг бол халуун наранд удаан байж, бүгчим газар олон цагаар ажиллах хэрэггүй.
9.Өдөн дэр, ноолууран хөнжил бүр шаардлаггүй. Хүний арьс амьсгалах тос, хөлс ялгаруулах агшиж сунах, гуужин унаад нөхөн төлжигдөх чадвартай чухал эрхтэн юм.
10.Батгатай хүүхдүүд батгаа нуух гэж маск зүүж, алчууро боож, үсээ урт ургуулж нүүрээ халхалдаг. Ингэснээр батга арилчихгүй. Ороолт, алчуур, масканд наалдсан идээ бээр арьсаар тархаж батгыг улам сэдрээдэг гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа зуны улиралд эрүүл агаарт гарч нар, салхиар биеэ чийрэгжүүлэх ёстой байтал өвөл, зунгүй битүү хувцас өмсөх нь буруу юм.

Батганы нүх арилдаг уу?

Эмчилгээний үед шахаж шалбалах үйлдэл хийдэг учраас батганыхаа үрэвслийн их багаас шалтгаалж сорви үүсч болдог ч аажимдаа арилчихдаг. Сорви үүсэх эсэх нь тухайн хүний арьсны төрөл, хувь хүний онцлог, мэдрэлийн цочролтой эсэхээс хамаардаг. Хүн бүр адилгүй шахсан болгон сорви болохгүй. Биеийн эсэргүүцэл султай хүнд шарх нь сорви болох хандлагтай байдаг. Гэхдээ батгаа бага дээр нь эмчлүүлэх юм бол ямар нэг сорви нүх үлдэхгүй.

Гэрийн нөхцөлд хийх арчилгаа, маск тавих арга

Хамгийн гол асуудал бол арьсны арчилгаа. Хэрвээ тос түрхэх болбол тослоггүй тос түрхэнэ. Нуруу цээжээрээ батгатай бол цээжээ ил гаргасан хувцас өмсөж, батгаа хатаах хэрэгтэй. Шилмүүсний хөөстэй баннд орох, ургамлын хандаар арчих, савангийн хөөсөө хатаах зэрэг энгийн аргаар батгыг үгдрэхгүй аргалж болдог.
-Таван салааны буюу халгайн хандаар нүүрээ угааж мөн тийм хандаар бэлдсэн мөсөөр нүүрэндээ иллэг хийж болно.
-Олон хоногоор нойргүй ажиллаж ядарвал батга сэдэрдэг. Иймд шөнийн ажилтай хүмүүс өдөр нь сайн унтаж амрахгүй бол нүүрний батга нэмэгдэнэ.
-Батганы нүхийг агшаах зорилгоор өндөгний цагаан ыг лимоны шүүстэй зуурч маск бэлтгэж тавьдаг. Үүнд: Хоёр цайны халбага өндгөны цагаанийг хөөсөртөл зуурах явцдаа тал цайны халбага лимон буюу цангисны шүүсийг аажим аажимаар нэмж зуурна. Бэлтгэсэн маскаа 4-5 минутын зайтай 2-3 давхрага болгон үечилж тавиад, ойролцоогоор 15-20 минутын дараа цайны хандаар норогсон хөвөнгөөр арчаад авна.
-Нүүрээ сулавтар давстай өтгөн хар цайгаар угааж, тараг түрхээд аарцаар маск тавихад хатдаг. Өтгөнөө өдөр бүр гаргаж гэдсээ цэвэрлэж байх ёстой. Үүний тулд чавга, алим, чангаанз, үзэмж идэж жимсний шүүс буцалсан ус ихээр уугаарай

Ангилал : Гоо сайхан | Нийтэлсэн : enkhtuul | Уншсан (1665) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл